Шинэ мэдээ
Говийн бүсийн бичил уурхайчид сургалтанд хамрагдлаа
Ашигт малтмалын арвин их нөөцтэй гэгддэг Өмнөговь аймагт ч гар аргаар алт олборлогчид байдаг аж. Гэхдээ тэд бусад аймгуудыг бодвол харьцангуй сүүлд нэгдсэн зохион байгуулалтад орж Бичил уурхайн холбоо, нөхөрлөлтэй болсон гэж дүгнэж хэлж болно. Тэд өнгөрсөн пүрэв гаригт “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдвийн дор Даланзадгад хотноо хуралдлаа. Говийн бүсийн бичил уурхайчдыг хамруулсан энэхүү бүсийн сургалт, уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Өмнөговь аймгийн ЗДТГхамтран зохион байгуулсан юм.Сэлэнгэ, Увс, Баянхонгор, Өмнөговь аймагт тус тус зохион байгуулагдаж байгаа бүсийн сургалтын зорилго Засгийн газар, Уул уурхайн яамны сайдын хамтарсан тушаалаар 2017 онд шинэчлэн баталсан бичил уурхайтай холбогдох хууль, журам, дүрэм, аргачлалыг орон нутгийн удирдлагууд, бичил уурхайчдын байгууллагын төлөөлөлд танилцуулж, хууль журмыг нэг мөр ойлгуулж, хэрэгжүүлэх цаашлаад ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтад оруулах,ашигт малтмалын хууль бус олборлолтыг зогсооход хувь нэмрээ оруулахад оршино хэмээн Швейцарийн хөгжлийн агентлагийн ТБУТ-ийн олон нийтийн хөгжлийн эксперт Д.Ганчимэг бүсийн сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.
Бичил уурхайчдад “Бичил уурхайг албажуулахад бичил уурхайн байгууллагуудын оролцоо, тулгамдаж буй асуудал”, “Бичил уурхайг албажуулахад орон нутгийн оролцоо”, “Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвийг зүйл заалт нэг бүрээр нь задланярилцаж, хэрэгжүүлэх арга аргачлалыг танилцуулсан нь үр дүнгээ өгөх нь дамжиггүй гэцгээж байсан.Уулзалт, сургалтын төгсгөлд Өмнөговь аймаг бичил уурхайг зохион байгуулах, албажуулах,тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийн,холбогдох албаны хүмүүстэй нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлж байлаа. Уулзалтад дээр өгүүлсэн төрийн болон олон улсын байгууллагаас гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хорооны гишүүн Д.Болд,“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны тэргүүн, Б.Наранцогт, гүйцэтгэх захирал Д.Баярмаа, Өмнөговь аймгийн “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Л.Дэлгэрбаяр, Өмнөговь аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр нар оролцож, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, бичил уурхай эрхлэгчдийн тавьсан асуултад хариуллаа.
Өмнөговь аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр:
Манай аймгийн хувьд 2016 оныг хүртэл бичил уурхайн асуудлыг дэмжилгүй явж ирсэн, 2016 оны 9 сард ИТХ-н шийдвэр гарч, нэгэнтээ хувиараа ашигт малтмал олборлогч иргэд олон байгаа учир энэ асуудлыг албажуулаад явъя гэсэн шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд бичил уурхай ашиглах журмыг сумдын засаг дарга нарт хүргүүлж энэ асуудлыг сумандаа зохион байгуулж ажиллаж, ард иргэдэд зөв ойлголт өгье гэсэн үүрэг даалгаврыг өгсөн.
Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн зохион байгуулсан зөвлөгөөнд оролцож энэ байгууллагатайгаа хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан байгаа. Ингэснээрээ энэ төслийн хүрээнд сумдаар явж ХАМО иргэд гэж ямар хүмүүс байдаг, бичил уурхай гэж юуг хэлж байгаа үүнийг цааш нь хэрхэн яаж авч явах талаар сургалтуудыг зохион байгуулаад явж байгаа.
Цаашдаа АМГТГ-с боломжтой газруудыг тогтоогоод өгөх юм бол хууль журмынх нь дагуу олборлолтыг нь явуулаад мөн ялгаагүй аргачлалынх нь дагуу нөхөн сэргээлтийг нь хийгээд явахгүй бол хүчээр дараад байгаад байвал энэ хууль бусаар алт олборлодог явдал хэвээрээ л үргэлжлээд явахаар байна.
“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны тэргүүн, Б.Наранцогт:
Энэ сургалт нь Өмнөговь, Баянхонгор, Сэлэнгэ, Увс гэх мэт бүсчлэн явагдаж байгаа, төрийн захиргааны төв байгууллагаас гарсан бичил уурхайн хууль журмыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд яаж хэрэгжүүлж байна, иргэдийг хууль ёсны дагуу олборлолтод хийх боломж, нэгэн үндсэн ойлголтоор хангах зорилготой.
Ингэснээрээ бичил уурхайн шинээр батлагдсан журам хэрэгжихэд дөхөм болох, орон нутгийн удирдлагууд нэгдсэн ойлголттой болох давуу талтай байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ашигт малтмал газрын тосны газрын мэдээлэл
ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн мэдээлэл
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны мэдээлэл
Бичил уурхай дахь орон нутгийн оролцоо
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн талаар мэдээлэл